2026-04-29

Сайн сурдаг хүүхдүүд амьдрал дээр яагаад будилдаг вэ?

Ирээдүйд амжилттай явах эсэхийг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйл нь зөвхөн мэдлэг биш, харин хэрхэн боддог вэ гэдэг нь юм. Өсвөр нас буюу 12–16 насанд хүүхдийн сэтгэлгээ чанарын хувьд өөрчлөгдөж, илүү гүнзгий, олон өнцгөөс эргэцүүлэх чадвар бүрэлдэж эхэлдэг. Stanford Medicine-ийн тайлбарласнаар энэ үед хүүхдүүд concrete thinking-ээс abstract thinking рүү шилжиж, зөвхөн харагдаж буй зүйлд тулгуурлах бус, боломж, үр дагавар, хувилбаруудыг бодож эхэлдэг. Энэ нь тэднийг илүү ухаалаг болгож байгаа мэт харагдавч, нөгөө талаас шийдвэр гаргалт дээр эргэлзэх, тогтворгүй байдал үүсэх шалтгаан болдог.

Үүний зэрэгцээ сэтгэл судлаач Эрик Эриксон өсвөр насыг “Identity vs Role Confusion” буюу өөрийгөө танин мэдэх, өөрийн байр сууриа тодорхойлох хамгийн чухал үе гэж тодорхойлсон байдаг. Энэ үед хүүхэд “Би хэн бэ?”, “Юунд итгэдэг вэ?”, “Ямар хүн болох вэ?” гэсэн асуултуудтай дотроо ажиллаж эхэлдэг. Гэвч бодит байдал дээр ихэнх хүүхдүүд өөрийгөө ойлгох, өөрийн бодлыг системтэйгээр боловсруулах арга барилд суралцдаггүй. Тэд хичээл дээр логик бодож чаддаг ч, амьдрал дээрх шийдвэр гаргалтад энэ чадвараа ашиглаж чаддаггүй нь үүнтэй холбоотой.

Мөн өсвөр насанд сэтгэл хөдлөл нь сэтгэлгээнд хүчтэй нөлөөлдөг. Сэтгэлзүйн судалгаанууд (Steinberg, 2005; Casey et al., 2008) харуулснаар өсвөр үеийнхний тархины сэтгэл хөдлөлийн хэсэг илүү идэвхтэй ажиллаж, харин логик шийдвэр гаргалтыг хариуцдаг хэсэг бүрэн хөгжөөгүй байдаг тул тэд зарим үед эрсдэлтэй, түргэн шийдвэр гаргах хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, тэд бодож чаддаг ч, бодлоо тогтвортой удирдах чадвар хараахан бүрэн төлөвшөөгүй байдаг гэсэн үг.

Ийм нөхцөлд хүүхдэд илүү их мэдээлэл өгөхөөс илүүтэй, бодох арга барил заах нь чухал болж байна. Six Thinking Hats хөтөлбөр нь энэ хэрэгцээнд суурилсан, дэлхий даяар хэрэглэгддэг сэтгэлгээ хөгжүүлэх аргачлал юм. Энэхүү хөтөлбөрөөр хүүхдүүд нэг асуудлыг олон өнцгөөс системтэйгээр харах, өөрийн бодол болон сэтгэл хөдлөлийг ялгаж ойлгох, шийдвэр гаргахдаа илүү ухамсартай хандах, өөрийн байр суурийг илэрхийлэх чадварт суралцдаг. Судалгаанууд (de Bono, 1985; 1992) харуулснаар энэхүү арга нь шүүмжлэлтэй болон бүтээлч сэтгэлгээг зэрэг хөгжүүлэхэд үр дүнтэй байдаг.

Эцэст нь, өсвөр нас бол зүгээр нэг шилжилтийн үе биш, харин ирээдүйн сэтгэлгээ, итгэл үнэмшил, шийдвэр гаргалтын суурь тавигддаг онцгой үе юм. Хэрэв энэ үед хүүхэд өөрийн бодлыг ойлгож, удирдаж сурах боломжийг авбал тэд өөрийн гэсэн байр суурьтай, итгэлтэй, бие даасан хүн болон төлөвших боломжтой. Харин энэ боломжийг орхигдуулбал эргэлзээтэй, бусдын нөлөөнд амархан автдаг, шийдвэр гаргахад хүндрэлтэй байдал үүсэх эрсдэлтэй. Тиймээс эцэг эх, багш бидний өмнө байгаа хамгийн чухал асуулт бол: бид хүүхдэд юу зааж байна вэ гэдгээс илүү, тэдэнд хэрхэн бодохыг зааж байна уу? гэдэг асуудал юм.