
2025 оны 10-р сарын 26-нд хуваалцсан нийтлэлээ энд ахин хуваалцахыг хүслээ.
Яг 10 жилийн өмнөх энэ өдөр ERDENES брэндээ үүсгэн байгуулж байсан юм. Тухайн үед өнгө өнгийн эсгийгээр цүнх, бичиг хэргийн зүйлсүүд урлаж дотооддоо борлуулахаас гадна гадны улс орнууд руу экспорт хийж байсан туршлагатай.
Мэдээж, энэхүү бизнес маань дампуурсан л даа. Тухайн үедээ бизнесээ эхлүүлэх граш надад хэрэгтэй байна ч гэж бичиж байсан удаатай. Олон ч хүчин зүйлс нөлөөлсөн. Гэхдээ, энэ бүгдийг эргээд бодохоор өөрийгөө танин мэдэх, бүтээх он жилүүд байсан юм шиг санагддаг.
Алдсан гэдгээ мэдрэх аймар. Бүхэл бүтэн бизнесээ алдаж хийсэн байна гэдгийг мэдрэх бүр ч аймшигтай. Гэхдээ энэ алдаанаасаа суралцах нь хамгийн чухал байсан. Өөртөө үнэнчээр өөрийнхөө хайж буй зүйлийн араас тууштайгаар явах ёстой юм байна гэдгийг ухаарсан. Хайж байгаа зүйл минь би юу хийх дуртай бас түүндээ хамгийн сайн байж чадах вэ? Энэ л асуулт намайг чиглүүлсээр, би эрж хайсаар байсан.
Өөртөө үнэнчээр асуултын хариултаа олох гэж нилээдгүй олон боломжийг өөрөөсөө түлхсэн. Тэгээд сүүлийн таван жилд, өөрийн сонирхол, дуртай зүйлээ олоход зарцуулсан гэхэд хэлсдэхгүй. Гэтэл Алхимич ном дээр гардагтай адил хайсан эрдэнэс хаа хол газар биш харин дотор минь байсныг ойлгох шиг болсон.
Тэгээд л өөрийн дотоод дуу хоолой, сонирхол, хүслээ илүү танин ойлгохоор олон судалгааны ажил, ном уншиж, дасгал ажлууд ч хийсэн. Яг эдгээр зүйлсийг танин ойлгож байх цаг үед дэлхий дахиныг КОВИД-19 цочроож, би ч БНСУлсад магисрт хийхээр ганцаараа түрээсийн байранд амьдарч (жинхэнээсээ) амьдрал гэдэг ямар урьдчилан таамаглахад төвөгтэй болохыг мөн амьдрал маш богинохон байж болохыг ч ойлгосон юм. Энэ л үеэс ийм богинохон амьдрах хугацаанд яагаад өөрийн дургүй эсвэл хүсээгүй зүйлийг насаараа хийх ёстой гэж бодон, өөрийнхөө хувьд маш том эрсдэл гаргах шийдвэрүүдийг хийж эхэлсэн.
Гэвч, өөртөө үнэнч байж, тэр зорилгодоо хүрэхийн тулд тасралтгүйгээр өөрийгөө хөгжүүлж чадвал үзүүрийг нь барьдаг бололтой. Энэхүү ойлгосон зүйлсээ хүмүүстэй хуваалцах гэж ERDENES брэндээ ахин бага багаар хөгжүүлж эхэлсэн. Өөрийнхөө дотор байгаа эрдэнэсийг өнгөлж, зүлгэн гялтгануулах ёстой гэдгийг ойлгосон минь энэ байлаа.
Саяхан нэг ном уншиж байхад “Арван жилийн дүрэм” гэсэн үзэгдлийн тухай уншсан юм. “Гайхалтай суутнуудын замналыг ажиглахад, тэдний амжилт, чухал үйл явдлууд болон нээлтүүд ойролцоогоор арван жилийн мөчлөгөөр тохиолдож байсныг харж болно. Танин мэдэхүйн сэтгэл судлалын олон судалгаагаар ч нотлогдсон нь хүн нэгэн салбарт анхны түвшний мэргэжлийн мэдлэг, ур чадварыг эзэмшихэд дунджаар арван жил шаардлагатай байдаг” хэмээн бичсэн байсан юм.
Миний хувьд ч энэ “Арван жилийн дүрэм” яг хэрэгжсэн бололтой. Өнгөрсөн 10 жил өөрийгөө таньж мэдэхэд зарцуулсан жил байлаа. Ямар удаан юм бэ гэж бодогдож байж магадгүй л юм. Гэхдээ, жил жилээр өнгөрсөөр нэг мэдэхэд л 10 жил болчихдог юм байна.
Энэ бүхнээс хуваалцахыг хүссэн зүйл минь “Өөрийн дотоод сэдэл, хүслээ танин мэдэж, түүнийхээ дагуу шийдвэрүүдийг гаргаарай” юм. Гаднаас эрж хайдаг зүйл биш бөгөөд зөвхөн өөртэйгөө л сайн ажиллах хэрэгтэй. ![]()
Эцэст нь, би “Хүн бүр өөрийн дотоод сэдлээ танин мэдэж, түүнийхээ дагуу ажил мэргэжлээ сонгосон бол энэ дэлхий илүү бүтээмжтэй, илүү БҮТЭЭЛЧ, илүү АЗ ЖАРГАЛТАЙ байх байсан” гэж боддог болсон.
P.S. Өөрийнхөө уншиж, судалсанаа нэгтгэн Creative Mastery Workbook дасгал ажлын ном гаргасан. Дахиад эцэст нь хэлэхэд, таны дотоод сэдэл, хүсэл таны БҮТЭЭЛЧ байдлын хамгийн хүчтэй хүчин зүйлийн нэг юм шүү.
Creative Mastery Workbook ![]()
![]()
https://erdenesuvd.mn/product/108775
P.Sssss Би яагаад энэ өдрийг ингэж сайн санадаг вэ гэхээр бизнесээ эхлүүлнэ гээд бодчихоод ээжийнхээ төрсөн өдрөөр энэхүү хуудсаа анх нээж байсан юм. Happy birthday mommy ![]()
Happy exploring your ERDENES![]()
Өнгөрсөн 10 жил сайн байсан шүү Сувдаа ![]()
